Лаптопны цүнхээ хэрхэн сонгох вэ?

Цахим хэрэглээ идэвхжсэн энэ эринд та оюутан, ажилтан, багш, сурагч хэнбугай ч бай ажил, амьдралын шаардлагаар лаптоп хэрэглэдэг бол лаптопны цүнх үүрч явах хэрэгцээ үүснэ. Лаптопны цүнх таны лаптопыг сайн хамгаалж, аюулгүй байлгах үүрэгтэй учир лаптоп сонгосон шигээ цүнхийг нь мөн чанартай сайныг нь сонгох хэрэгтэй. Сүүлийн үед лаптопны цүнхний загвар уламжлалт үүргэвчний хэлбэр лүү илүү ойртож байгаа нь хэрэглэх, үүрч явахад илүү хялбар болж байгаа юм. Лаптоп үйлдвэрлэгчээсээ хэдэн зуу дахин олон цүнх үйлдвэрлэгчид байгаа. Тэгвэл энэ олон брендийн цүнхнээс өөрт хэрэгтэй, чанартай, загварлаг ганцханыг яаж сонгох вэ? Одоо танд цүнх сонгохдоо юу юуг чухалчлах хэрэгтэй вэ гэдгийг сонирхуулъя.

⊕ Багтаамж

Мэдээж лаптопны хэмжээ энд чухал. Танд Alienware эсвэл 17 инчийн том лаптоп байгаа бол та жижиг цүнх сонгож таарахгүй. Ихэнх лаптопны хувьд өөр дээрээ хэдэн инчийн лаптопд зориулагдсан нь тодорхой бичигдсэн байдаг ба ерөнхийд нь 13-14, 15-16, 17 инч гэсэн 3 хэмжээнд хуваагддаг. Бас хэрэглээгээ бодолцох чухал. Та зөвхөн ажил гэрийн хооронд ашиглах бол жижиг, хөнгөн, элдэв халаас багатай байвал тохиромжтой. Харин та ажлаа тараад спорт зааланд, фитнессд очдог бол илүү том зайтай загварыг, та гадаад дотоодод аялал хийдэг бол олон халаас, дотроо жижиг тасалгаа бүхий загварыг сонгох нь тохиромжтой. Сайн загварын цүнхэнд хэмжээг багасгах тохируулгын оосор, нурууны савлалтаас хамгаалсан оосор зэрэг нэмэлт шийдлүүд байдаг тул сонголт хийхдээ харах хэрэгтэй.

⊕ Үнэ

Аливаа юмний үнэ хэзээд сонголтонд нөлөөлдөг. Сайн, бат бөх цүнхний үнэ $40-$300 орчим үнэтэй байна. Монголын нөхцөлд $300 буюу 720.000₮-өөр лаптопны цүнх ав гэж би хэзээ ч зөвлөхгүй. Үнийн судалгаагаа та Amazon-оос маш дэлгэрэнгүй хийж чадах тул энэ хэсэгт миний илүү тайлбар хэрэггүй бизээ.

⊕ Загвар

Загварын сонголтын хувьд түм буман сонголттой учир энэ тал дээр хүн өөртөө л таалагдсанаа авах нь зөв. Ямар төрлийн хувцас өдөр тутамдаа өмсдөг, түүндээ тааруулж сонгох хэрэгтэй. Жишээ нь та костюм ихэвчлэн өмсдөг бол аяны загвартай олон халаастай үүргэвчнээс илүү бидний ярьдагаар дипломат маягийн загвар илүү тохиромжтой.

⊕ Тав тух

Цүнх сонгоход юун тав тух вэ гэж гайхаж байна уу? Энэ бол хамгийн чухал зүйл. Биеийн өндөр нам энд тийм ч хамаа байхгүй учир нь өөртөө тааруулж болох мөрөвчний оосортой. Харин мөрөвчний зөөлөвч, нухахгүй байдал нь чухал. Сүүлийн үед энэ тал дээр цэрэг армийн судалгааг ашиглан хөгжүүлэлт, шинэ технологи зэргийг ашиглаж байгаа. Хэрвээ цүнхэндээ олон юм хийж явах шаардлага гардаг, хүнд цүнх үүрдэг бол бүсэлхийний оосортой загвар сонгосноор тодорхой жинг гуя, хөлөнд чиглүүлж нуруунд ирэх ачааллыг хуваадаг. Мөн удаан хугацаагаар цүнх үүрэх шаардлага гардаг бол агаар солилцох, хөлс хатаах нөхөөсний нэмэлт хэсгүүдтэй загвар нь илүү тав тухтай байдал үүсгэнэ.

⊕ Нэмэлт

Дээр дурьдагдаагүй зүйлүүд гэвэл зарим нэг онцгой загварууд. Үүнд: дугуйтай, усны хамгаалалттай, нарны зайн хураагууртай гэх мэт загварууд байдгийг мэдэхэд илүүдэхгүй. Мөн таны санаанд таарах цүнх гадуур олдохгүй бол интернэт худалдааны сайтуудад илүү өргөн сонголттой учир хайж үзэхэд буруудахгүй. Ингэхдээ бусад худалдан авагчдын сэтгэгдэлүүдийг сайтар унших хэрэгтэй. Эдгээр зүйлсүүдийг та мэдсэнээр өөрт тохирсон, хүссэн цүнхээ сонгож олон жил, дахиж лаптопны цүнхэнд мөнгө зарахгүйгээр хэрэглэж чадна гэдэгт итгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *