Microsoft Surface

Бидний амьдарж буй энэ эрин бол компьютерийн хөгжлийн эрин. Хэдхэн жилийн өмнө буюу намайг дунд сургуулийн сурагч байхад хамгийн хүчтэйд тооцогдож байсан пентиум 4 процессор одоо бол захын гар утсанд л байгаа. Магадгүй бараг гар утсанд ч гологдож байж мэднэ. Анх компьютер үүсэхдээ хэдхэн үйлдэл хийх чадалтай ч овор хэмжээний хувьд өрөө дүүрдэг байсан цаг бий.

Мөн суурин компьютер, зөөврийн компьютерийн хооронд нэлээд ялгаа байсан. Зөөврийн компьютер буюу лаптоп эхэндээ үзүүлэлтээрээ суурин компьютерийг гүйцэхгүй атлаа үнэ нь илүү өндөр байсан бол цаг хугацаа, хөгжлийн явцад энэ байдал өөрчлөгдөж одоо бол ялгаа байхгүй болсон. Нэгэнт хүчин чадал, үнийн зөрүүгүй болсон бол ямар сонголт хийх вэ? Зөөврийн компьютерт суурин компьютерээс дутагдалтай тал бий. Эдгээрээс дурьдвал хаях, гээх эсвэл унагаж эвдэх гэх мэт. Харин давуу талыг дурьдвал нэлээд их юм бичих хэрэгтэй болно. Та бүгд сайн мэдэж байгаа. Хамгийн наад зах нь хүссэн газраа явж ажиллах боломжтой. Тэгвэл сүүлийн 10 жил компьютер үйлдвэрлэгчид хүчин чадал гэхээсээ илүү овор хэмжээ, үзэмж, жин гэх зэрэг үзүүлэлтээрээ өрсөлдөх болсон. Та бидний амьдрал илт мэдрэгдэж байгаа. Учир нь хамгийн нимгэн, хамгийн хөнгөн компьютер гэсэн реклам, контентийг та харсан л байгаа. Бидний хүргэх энэ удаагийн мэдээ энэ өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөгч болох Microsoft компаний Surface-ийн талаар юм.  

Энэ оны 5-р сарын 2-нд Нью-Йорк хотод зохиогдсон арга хэмжээний үеэр Microsoft цоо шинэхэн Surface зөөврийн компьютерээ танилцуулсан. Үйлдлийн систем нь мөн тухайн өдрөө зарласан шинэ, хялбаршуулсан  Windows-ийн хувилбар болох Windows 10-S хувилбартай, 1,25хан кг жинтэй, 14мм нимгэн авч явахад авсаархан компьютер юм.

MacBook Air-аас 50% хурдан, боловсролын салбарт оюутнуудад зориулагдан бүтээгдсэн гэх Surface компьютер нь 7-р үеийн Intel Core процессор (i5 ба i7 сонгох боломжтай) , 3.4 сая пиксел бүхий 13.5-инчийн мэдрэгчтэй дэлгэц болон бусад онцгой функцууд нь өөрийн эрхгүй хорхой хөдөлгөм. Жишээлбэл түүнд ямар нэгэн ил спикерийн нүхнүүд байхгүй харин гарны товчлууруудын доор нь аудиог суурилуулсан. Өнгөний хувьд платиниум саарал, гүн улаан, кобальт хөх, алтан шаргал гэх 4 сонголттой, гарны хэсгийг алькантара гэх Итали даавуун материалаар бүрсэн нь гайхалтай болжээ. 

Батерейны хувьд 14.5 цаг ажиллах хүчин чадалтай бөгөөд үндсэн загварын компьютертээ Intel Core i5 (7-р үе) процессор, RAM нь 4GB, мөн 128GB SSD-ийн хамт ирнэ.

Уг компьютер нь хүчин чадлаасаа шалтгаалаад $999-с $2,199 хооронд  үнэ нь хэлбэлзэх бөгөөд урьдчилан захиалах эсвэл дэлгүүрүүдэд 6 сарын 15-наас худалдаалагдаж эхлэнэ.

Microsoft энэхүү шинэ Windows 10S үйлдлийн систем болон Surface зөөврийн компьютероороо зах зээл дээр хэдийн тодорхой байрь сууриа эзлээд буй Google болон Apple-тай хүчтэй өрсөлдөх нь найдлага тавиад байгаа аж.

Google Chromebook нь Chrome OS-ийн тусламжтайгаар хурдан хүчтэй, үзэмжтэй мөн боломжийн үнээрээ зах зээлд амжилтайгаар байр сууриа тогтоосон бол Microsoft мөн Windows 10S-ийн гуравдагч талын үйлдвэрлэгчидийн  тусгай зөвшөөрөлтэй апп-уудаар зах зээл дээр өрсөлдөж чадна гэж үзэж байгаа юм байна.

Үүний зэрэгцээ, Surface компьютер MacBook Air голдуу худалдан авдаг хэрэглэгчдийг Microsoft руу татах шинэ арга замыг нээнэ гэж үзжээ. Эцэст нь хэлэхэд хэрвээ та зөөврийн компьютерээ солих талаар бодож байгаа бол Surface бол бодолцож үзэх жагсаалтанд яах аргагүй багтах ёстой шинэ цагийн гоёмсог авсаархан компьютер юм.

  Cонголт 1 Cонголт 2 Cонголт 3 Cонголт 4
Процессор Intel Core i5 Intel Core i5 Intel Core i7 Intel Core i7
Багтаамж 128GB SSD 256GB SSD 256GB SSD 512GB SSD
RAM 4GB 8GB 8GB 16GB
График Intel HD Graphics 620 Intel HD Graphics 620 Intel Iris Plus Graphics 640 Intel Iris Plus Graphics 640
Өнгө Платиниум саарал Платиниум саарал, гүн улаан, кобальт хөх, алтан шаргал Платиниум саарал Платиниум саарал
Үнэ $999 $1,299 $1,599 $2,199

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *