GoPro Karma

Энэ удаагийн мэдээгээ бид дроны талаар нийтлэхээр бэлдлээ. Тэр дундаа GoPro компаниас гаргасан анхны дрон болох Kaрмаг та бүхэнд танилцуулъя. 2016 онд анх худалдаанд гарсан боловч батерэйнд үүссэн асуудлаас болоод 11 сард буцааж татаж, зарим засвар өөрчлөлтүүдийг эргэн худалдаанд гаргасан. Камер үйлдвэрлэгчдийн хувьд анхны дроноо буцаан татна гэдэг нь мэдээж муу мэдээ. Энэ үед тэдний өрсөлдөгч болох DJI-ийн Phantom 4 болон Mavic Pro моделиуд нь танилцуулагдаж, амжилт дагуулсаар байсан. Гэхдээ Карма нь муу бүтээгдэхүүн гэсэн үг ерөөсөө ч биш ээ. Одоо түүнтэй танилцъя.

Хамгийн түрүүнд хэлэх юм бол боломжийн үнэ. Яг энэ цаг мөчид Амазон дээр 1099$-р зарагдаж байна. Энэ нь тийм ч хямдхан, боломжийн санагдахгүй байж магад. Гэхдээ энэ үнэнд та дрон, 5 инчийн 720р хуруу мэдрэгч дэлгэцтэй удирдлага, Hero5 Black камер болон Карма Грип буюу бидний мэддэгээр стик, цүнх, нөөц 2ш сэнс зэргийг авч байгаа юм. Хэрвээ эдгээрийн та тус тусад нь авбал Hero5 Black 399$, Карма Грип нь 299$ гэх мэт үнэтэй учир би боломжийн гэж дээр хэлсэн юм.  

Карма Грип гэж юу вэ? 299$ гэж байгаа учир мэдээж энгийн стик биш нь ойлгомжтой.Бидний мэдэх ердийн стиктэй хэлбэр нь адил боловч нэлээн ялгаатай. Дроноосоо камераа сугалж аваад Грипэндээ суурилуулах боломжтой. Ингэснээр дүрс тогтворжуулагчтай гар камертай болж байгаа юм. Та алхах, машинд сууж явах зэргээр хөдөлж байх үедээ маш сайн чанар бүхий дүрсийг бичих боломжтой болно. Грип дээрээсээ камераа удирдах боломжтой нь бас нэгэн давуу тал юм.    

Карма дрон нь загварын хувьд жижгэвтэр, нимгэн хэлбэртэй, сэнс болон газардах үеийн тулгуур зэрэг нь нугалдаг учир авч явахад овор багатай. Ингэснээр мэдээж жин хөнгөрнө. Та бүтэн өдрийн турш нэг их хүч зарцуулахгүйгээр үүрч явах боломжтой. Гэвч энэ нь тэдний давуу тал болж чадахгүй нь. Учир нь тэдний өрсөлдөгч болох Mavic Pro нь мөн л жижиг хэмжээтэй, нугалсан үедээ усны сав шиг хэмжээтэй болдог, ухаалаг утсаа удирдлага болгон ашиглах боломжтой өрсөлдөгч байгаа. Удирдлагийн хувьд хөөрөх, газардах нь автомат учир илүү хялбар, мөн GPS мэдрэгчтэй учир батерэй дуусах нь дөхөх үед эсвэл удирдлагаасаа салсан үед анх ниссэн газартаа эргэж ирэх функцтэй. Спорт горимд тохируулсан үед цагт 56 км цаг хүртэл хурдлах чадалтай.

Өрсөлдөгчдөө бодвол зарим сул тал байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эдгээрээс дурдвал саад тулах үед мэдрэх мэдрэгчгүй учир хүний жолоодлогогүй болсон үед анх хөөрсөн цэг рүүгээ буцаж нисэх үедээ мод, багана зэрэг таарсан саадыг мөргөх эрсдэлтэй. Mavic Pro болон Phantom 4 загварууд дээрх эрсдэл байхгүй гэж хэлж болно. Мөн энэ 2 загвар Wi-fi болон радио долгионы тусламжтайгаар 7 км орчим хол зайд удирдах бол Карма нь зөвхөн wi-fi ашигладаг ба зарим тохиолдолд 150 метр орчим зайд холдмогц дохио тасарч байгаа тохиолдол байна. Бас нэмж хэлэхэд нөгөө 2 загварт байгаа дагах функц нь манай өнөөдрийн танилцуулагдаж буй Кармад байхгүй нь тоогүй. Иймд хэрвээ та өндөрт ба хол зайд нисгэх дрон сонгох гэж байгаа бол Карма тийм ч сайн сонголт биш болж таарах нь.

Эцэст нь хэлэхэд нэг худалдан авалтаар нисдэг дрон, дүрс тогтворжуулагчтай гар, камер, цүнх зэргийг авч байгаа нь сайхан ч нисдэг платформийн хувьд гол өрсөлдөгчдөөсөө арай л сул байгааг бид мэдэж авлаа. Хол зайд удирдах боломжгүй, аюулгүй байдал сайн хангагдаагүй, дагах функцгүй. Энэ цаг үед DJI компанийн Mavic Pro ба Phantom 4 загварууд нь GoPro Кармагаас илүү гэдэг нь тодорхой байгаа хэдий ч дараа дараагийн загварууд нь илүү дэвшилтэт технологи ашиглан шинэчлэгдэж, өрсөлдөөнд илүү хүчтэй байна гэж найдаж байна.

Техникийн үзүүлэлтүүд

Дээд хурд: 35mph буюу 56км/ц

Дроний жин: 1006 грамм

Дроний ажиллах хугацаа: 20 минут

Удирдлага: 5 инч, 720p хуруу мэдрэгчтэй дэлгэц

Удирдлагын ажиллах хугацаа: 4 цаг

Карма Грип ажиллах хугацаа: 1 цаг 45 минут

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *